Landslide Victory
Сонгуулийн дүн гарч Монголын ард иргэдийн үнэмлэхүй олонх нь үндэсний шинэ удирдагч У.Хүрэлсүхийг сонгосон нь тодорхой боллоо. У.Хүрэлсүх удахгүй Ерөнхийлөгчийн албандаа тангараг өргөх болно.
Дэлхийн улс орнуудад сонгуулийн тухай маш их судалгаа, үйл явцыг цаашид улам боловсронгуй болгох тухай шинжилгээний ажил хийгддэг. Энэ нь олон мянган жилийн турш нэг алдчихвал эргэж олддоггүй алт эрдэнэс шиг “Ардчилал”-аа хамгаалах маш чухал үйл хэрэг юм.
Сагсан бөмбөгт 2 хүчтэй баг тоглоод цувралын 7 дахь тоглолт гарвал хоёр тал тэнцвэртэй байгааг илтгэдэг бол нэг баг нь нэгнээ 4 тоглолт хийхэд 4 хожиж байвал энэ нь хоёр багийн хооронд яаж ч үзээд болохгүй асар том зөрүү байна гэж үзэж болох юм. Энэ тохиолдолд wipeout, sweep хийсэн буюу шүүрдүүллээ гэсэн ойлголт гарч ирнэ. Мэдээж бүх тоглолтууд ийм маягаар явбал тоглоом утгаа алдаж үзэгчгүй болж нэг ёсны бэлэг тэмдэг төдийхөн болох учраас дэлхийн шилдэг лигүүд “Цалингийн цэс”, “Татварын бодлого” гэх зэрэг үй олон зхицуулалтаар асуудлыг шударга болгох гэж үздэг билээ.
Үндсэн санаа нь хүний мөн чанар нь хэрвээ хэн нэгэн нийгэмд хэт монополь болоод ирвэл хүссэн ч, эс хүссэн ч нийгмийн хэм хэмжээ алдагдаж спортоор ярьвал амтгүй, нийгмээр ярьвал хөгжил удаашрана гэсэн үг. Өөрөөр хэлбэл өрсөлдөөн байхгүй бол юу ч хөгжихгүй.
Өнөөдөр дэлхийн бүхий л хөгжилтэй, өрсөлдөөнтэй байгаа салбарууд тухайн тоглоомын дүрмээ шударга байлгахад чиглэгдэж байна гэсэн үг юм.
Дэлхий дээр 100% саналаар сонгогдсон цөөнгүй удирдагчид бий. Хамгийн ойрын жишээ Ардчилсан Солонгосын Ким Жон Ун. Иракийн тэргүүн асан Саддам Хуссейн нар бүгд 100% саналаар сонгогдож байлаа.
Орчин үеийн улс төрд 70% буюу түүнээс дээш саналыг нэг нэр дэвшигч авч байвал үүнийг асуудал бишдэж эхэлж байна гэж ойлгодог байна.
Мэдээж нэг нам, эсвэл бүлэглэл хэт хүчтэй болоод ирэхээр санхүүгийн үйл ажиллагаа нь бүдгэрч ерөнхийдөө өрсөлдөгчөө захиалах, хэдэн жижиг намуудыг санхүүжүүлэн гаргаж ирэх чингээд үндсэндээ сонгууль нь ардчилсан нэртэй жүжиг болоод дуусаж байгаа юм.
1950 оноос хойш /орчин үеийн түүх/ болсон сонгуульд Landslide болсон амжилтыг тогтоож байсан жагсаалтыг бид өөрсдийн судалгаан дээр үндэслэн хүргэж байна.
1950 — Иосеф Сталин /ЗХУ-ын Коммунист Нам/ 83.5% -иар “Тусгаар нам”-ыг ялж ЗХУ-ын удирдагчаар үргэлжлүүлэн сонгогдож байв. /Өмнө нь 76.1% болон 76.5%-иар ялдаг байлаа/
1956 — Гамал Абдер Нассир Египтийн сонгууль 99.9% сонгогдов.
1957 — Ахмед Секу Тору — Гвинейн сонгуульд 77.4%-иар ялж өрсөлдөгч Барри III 10% санал чадан ядан авч байв.
1963 — БНХАУ-ын сонгуульд 87.76%-иар нөхөр Мао Зэдун ялж өрсөлдөгч нам нь 12.24% санал авч байв.
1970 — ЗХУ-ын сонгуульд нөхөр Леонид Ильич Брежнев 72.2% саналаар ялж өрсөлдөгч “Тусгаар нам” 27.8% авч байв.
1981 — Египтийн сонгуульд Хосни Мубарак 98.5%-иар ялав.
1990 — Зимбаве улсын удирдагч Роберт Мугабе 83.05% саналаар өрсөлдөгч Эдгар Текерег ялж байв.
1991 — Нурсултан Назарбаев 98.8% саналаар Казакстаны сонгуульд ялав.
1994 — Беларусь улсын сонгуульд ерөнхийлөгч Лукашенко 80.1%-иар ялав.
2004 — ОХУ-ын сонгуульд В.Путин 71.9%-иар ялав.
2007 — Туркменистанд Гурбангули Бердимухамедов 89%-иар ялав.
2018 — ОХУ-ын сонгуульд В.Путин 76.6%-иар ялав.
2020 — Беларусь улсын сонгууль Лукашенко 80% саналаар мөн л ялав.
АНУ-ын түүхэнд нийт сонгогчдын хамгийн их хувь буюу /элокторел коллеж бус нийт иргэдийн/ хамгийн өндөр сонголт авсан нь Жорж Вашигтоноос гадна Линдон Жонсон 1964 оны сонгуулиар 61%-ийн саналыг авсанаар түүх болон үлджээ. 61% шүү дээ дээд амжилт нь. Бичиг номтой, соёлт ертөнцөд дээрх сонгуулийг яг үнэндээ сонгууль гэж үздэггүй юм л даа. Гэхдээ баримт болон үлдэж яах аргагүй.
Дээр гарсан жишээнүүдэд Латин Америкийн өxчнөөн орон Мексик, Турк, Азийн бага орнууд гээд тоочоогүй үлдсэн төчнөөн жишээ бий. Эд бүгд хүн төрөлхтөний алдаа, тогтолцооны гажигууд. Хэн ч дарангуйлагч болно гэж боддоггүй, хүсдэггүй.
Нэгэнт нэг нь ингээд цойлоод ирэхээр нийгмийн бүх хэсэг, бизнес, урлаг соёлынхон, идэвхтэнүүд, орчин үед бол Influencer-үүд нь цойлсон нэгнээ магтаад дагаад эхэлнэ. Энэ бол зайлшгүй засаглалын нэг алдаа болдог үйлийн үр юм. Нэг өдөр энэ бүхэн бий болохгүй. Аажмаар бий болдог.
Саяхан банкнуудын тухай хуулиар монополийг задлах тухай заалтууд орж бэлтгэл ажил ид өрнөж байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хэт хүчтэй зах зээлээ хуваасан томууд ба жижгүүд гэдэг ойлголтыг үгүй хийж байна. Үүнийг бүр хүчээр хийж байна. Ингээд байвал аяндаа засагдахгүй учраас тэр.
Улс төрд ч гэсэн энэ үйл явц яваад байвал 2024, 2027 оны сонгуулиар дахиад л нэг том нам мөн бусад гэсэн үзэгдэл гаарна. Үр дүнд нь нийт иргэд хохирно.
Иймээс улс төрийн төлөвшилд онцгой анхаарах цаг болжээ. Монгол гэр хүртэл 2 баганатай. 4 баганатай байвал уул нь бүр сайн. Түүхээс суралцаж сонгогчдоо төлөвшүүлж хөгжлийн тогтолцоогоо нэг эргэн нухацтай харах хэрэгтэй байна.