Монгол ардын зүйн цэцэн үгс

Erdene-Ochir Nyamdorj
2 min readAug 12, 2024

--

Ба

Миний бодол

Эдээр биеэ чимэхээс

Эрдмээр биеэ чим

Ийм зүйр үгийг анх 1-р ангидаа сургуулийн ханын самбар дээрээс уншиж байлаа. Энэ зүйр үг шууд утгаар ойлговол эрдэм боловсролтой байх нь эд хөрөнгөтэй байснаас дээр гэсэн санаа.

Гэтэл эд хөрөнгө гэж Монголчууд бидний ойлголтоор юу вэ?

Монголын тал нутаг түүхэндээ эд хөрөнгө гэж үндсэндээ “Мал” байсан. Олон малтай айл баян. Гэтэл олон малтай айл байхын тулд эрдэмгүй байна гэж үү? гэдэг асуулт урган гарч ирнэ. Олон малтай буюу цаг агаарын ийм таагүй, ажил хөдөлмөр эрхлэхэд тухгүй энэ нутагт олон малтай айл байна гэдэг нь малчин ухаанд гарамгай, хөдөлмөрч байна л гэсэн үг.

Тэгвэл эрдэм буюу тэр чимэх ёстой зүйл нь юу вэ?

Мал маллах ухаан эрдэм үү эрдэм. Өвөл өнтэй өвөлжихийг таамаглаад малаа онд мэнд оруулж байна гэдэг чинь эрдэм. Өөрөөр хэлбэл байгаа нөхцөлдөө тааруулан зөв, ашигтай үйлдэл хийх. Бизнес хийгээд мөнгө олох буюу зах зээлд хэрэгтэй зүйлийг хийгээд борлуулна гэдэг эрдэм биш үү. Мөн. Чухал эрдэм.

Харин эрдмээр биеэ чимэх гэдгийг зөв ойлгомоор байна. Монголд маш олон доктор, магистр, дипломтой эрдмээр биеэ гайхуулсан хүмүүс байна. Асар их гадаадад сурч, өчнөөн цол зэрэг, эрдэм шинжилгээний ажил хийсэн авч яагаад үр дүн эсрэгээрээ байна вэ? Харвардад олуулаа явлаа. Харвард энд ирсэн ч бид нар Харвард шиг болсонгүй. Эсвэл Харвард эрдэмтэй болохоор биднээс төлбөр аваад цаас өгчихсөн үү? Үнэхээр эрдмээр биеэ чимлээ. Эрдэм ч алга, эд ч алга. Яахав эдийн засаг өсөж хөгжиж байна гэхдээ л хүний хөгжлийн төвшин өндөр биш байна.

Монголын ард түмэн шүлэгч ард түмэн. Толгой холбохдоо дуртай. Яаж ийж байгаад үгсийн сангаасаа толгой холбож эрдэм гэдэг үгийг эд гэдэг үгтэй дүйцүүлнэ.

Гэхдээ нэг зүйлийг хэлье. Өнөөдөр эрдэм гэдэг бол эд, эдийн засагтай холбогдоно. Зах зээл дээр хэрэгтэй эд бараа, үйлчилгээ нийлүүлэн тэр нь ашигтай, амжилттай байна гэдэг чинь эрдэм. Эрдэм байж гэмээнэ эд үүснэ. Эд байхгүй бол эрдэм байхгүй. Эрдэм сурахад ч эд мөнгө буюу зардал хэрэгтэй. Аливаа юм бүхэн зардалтай. Зүгээр суухад ч гэсэн зардал гарч л байгаа. Сул зогсолт. Машины түгжрэл, утаа, эдийн засгийн нүүрснээс хэт хамаарал зэрэг чинь бүгд эрдэмгүй байгаа гэдгийн шинж.

Тэгэхээр үгийн утгыг ингэж сийрүүлбэл зүгээр. Эрдмээр /гэхдээ жинхэнэ эрдэм шүү/ биеэ чимвэл эдээр биеэ чимнэ.

--

--

Erdene-Ochir Nyamdorj
Erdene-Ochir Nyamdorj

Written by Erdene-Ochir Nyamdorj

Proud Mongolian, loves to share my views via Medium

No responses yet